Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөө болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонсохоор тогтов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь муу зээл, хүү, алданги зэрэг асуудлаас улбаалж 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гарсан судалгааг Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан. Иймд эх үүсвэрийг судлах, мониторинг хийх зорилгоор дэд хорооны гишүүд газар дээр нь ажиллах асуудлыг ирэх оны төлөвлөгөөний эхэнд нэмж оруулах тухай санал хэлэв.
Дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд болон бусад гишүүдээс гарсан саналыг тусгах, аж ахуйн нэгж, компани болон ЖДҮ-ийг дэмжих холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах саналыг мөн хэлж байв. Ийнхүү Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөг батлах горимын санал тус дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Дараа нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонслоо. Мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хийж, тус газрын эрх зүйн орчин; санхүү, хөрөнгө оруулалтын бодлого; Ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулсны дараа цаашид авах арга хэмээ болон саналаа танилцуулав.Үүнд, Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж үйл ажиллагаа нь доголдсон, зогссон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох, Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгох, зээлийн хүүг жилийн 12 хүртэл хувь бууруулах, Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай, үйл ажиллагаагаа өртгөтгөх зорилгоор импортолж буй тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлодог жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цонхны үйлчилгээг үзүүлэх нөхцөл бололцоо, барилга байгууламжаар хангах, мөн Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байрны урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээлд хамруулах зэрэг саналуудыг танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох санхүүжилтийг боловсронгуй болгох тухай санал хэлж, орон нутаг дахь ЖДҮ-үүдэд ологосон санхүүжилтийн талаар тодруулав. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрүүдээс 800 гаруй төсөлд 78.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнээс 12.9 тэрбум төгрөгийг 158 төсөлд олгосон, энэ нь зээлийн найдвартай эргэн төлөлт, судалгаа зэрэг асуудалтай холбоотой гэсэн тайлбар хийв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тухайлбал, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх зэрэг санал хэлж, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллах санал хэлснээр өнөөдрийн дэд хорооны хурал өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.