2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгоно. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.