БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Монгол Улс руу хаяглан илгээдэг чингэлгүүд сүүлийн хэдэн сарын турш тус боомтод бөөгнөрөөд байгаа. Тэгвэл Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.
COSCO далайн тээвэрлэгч компанийн төв оффисоос гаргасан шийдвэрийн дагуу тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа зуучийн компаниудад мэдэгдэж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байна. Үүнд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа чингэлэг ороогүй байна.
Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй бөгөөд зургаа, долоодугаар сарын чингэлгүүд хүлээгдэж байгаа юм байна.