Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын төлөөлөл өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 мод, өнөөдөр Налайх дүүргийн "Цэцэрлэгт хүрээлэнд" 80 гаруй шинэс модыг тарьж суулгалаа. Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр болон газар хэлтсийн дарга нар, харьяа 17 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мод бол байгаль дэлхийн уушги юм. Нэг хүн 18 мод тарихад насан туршдаа амьсгалсан агаараа байгаль дэлхийдээ буцааж өгдөг гэдэг. Хэдийгээр модыг хөрсөнд суулгах нь олны хүчээр болох ажил ч түүнийг олон жилийн туршид арчилж тордох нь хамгийн чухал тул иргэн бүрийн эерэг хандлага, идэвхи оролцоо ихээхэн чухал юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Ийнхүү Эрүүл мэндийн салбар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.