Манай улсын Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг өнгөрсөн оны 10-р сарын 27-28-нд цахимаар болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн байсан.
Үүнтэй холбогдуулан Тосон-Хулстайн шим мандлын нөөц газрыг бүртгэсэн тухай батламж гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр буюу 2021.06.04-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Манай улс 1990-2007 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 6 газрыг бүртгүүлсэн бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд бүртгүүлэв.
Тосон-Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог.
Одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг.
Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Мөн монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.