Зуны XXXII Олимпийн наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпийн лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпийн наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.
Олимпийн Харти болон Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм, Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна.МҮОХ нь Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпийн хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.