Энэхүү дэглэм нь жин хасах гайхамшиг нэртэйгээр ихэд алдаршиж бас хаа сайгүй рекламдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ дэглэмээр жингээ хасаж байгаа олон хүн давуу талыг нь талархан хүлээж авч байгаа. Гэвч энэхүү дэглэм нь эрүүл мэндийн маш олон асуудал дагуулсаар байгаа талаар сонссон уу.
Манай дэлхийн хүн төрөлхтний нэлээдгүй хэсэг нь хоол олдохгүй хэцүүдэж өлсөж харангадаж байхад зарим хэсэг нь хоолоо хасаж турах гэж бас л хэцүүдэж байх… Ингээд бодоход энэ дэлхийд Амьдрах нь бас л амаргүй ажээ. Тураад гоё болох, жин хасах дэглэмийн талаар яг хэзээнээс ингэж газар авсан талаар төдийлэн сайн судалж үзээгүй ч сүүлийн 100 гаруй жилд энэ талаар өгүүлсэн олон ном бичвэр нилээдгүй гарч энэ талаар бизнес ашиг орлого ологчид их л олон болсон бололтой.
Бас үүнтэй зэрэгцээд жин нэмэх ба таргалах дэглэм бас ч эрэлттэй хэвээр… За оршилоо орхиж гол сэдэв рүү гээ орье.
Турж гоё болох ба турж эрүүл болох хүсэл гэж байх… Тиймээс сүүлийн 100 жилд олон янзын тураах дэглэм бий болж зарим хүмүүсийг ашигтай орлоготой болгосоор ирлээ. Палео, Газар дундадын дэглэм, Ро буюу түүхийн ногоогоор хооллох, эсвэл дан жимсний шүүсээр хооллох, мөн янз бүрийн формула нэртэй нэмэлт бүтээгдхүүнээр хооллох төдийгүй Аткин гээд олон ч дэглэм энэхүү зорилгоор гарсан гэхэд хэлсдэхгүй. Яг үнэндээ Аткин дэглэмийг дэлхийд санал болгосон хүн өөрөө таргалалттай байсан бөгөөд насны эцэст хэцүүдсэн гэдэг.
Сүүлийн үед дэлхий дахинаа шуугиад бас их “моодонд” ороод байгаа нэг дэглэм бол КЕТО ДЭГЛЭМ юм. Энэхүү эмчилгээний дэглэмийг анх 1920 оны үед Эпилепси буюу унаж татдаг өвчтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор анх эмч нар санал болгон маш олон судалгааны ажил хийж боломжийн амжилтанд хүрч байсан. Нүүрс усны хэрэглэх хэмжээг багасгаж уураг ба өөх тосны хэмжээг нэмэгдүүлсэн эмчилгээний дэглэм нь өвчтөний таталтын хоорондын зайг нэлээдгүй уртасгаж байжээ. Эмчилгээний энэ кето дэглэмийг одоо ч эклипситэй хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэсээр байгаа. Мөн 2-р хэлбэрийн чихрийн шижин буюу сахартай хүмүүст хэрэглээд тодорхой үр дүнд хүрч байгаа гэсэн судалгаа байдаг ч цаашид өргөн хүрээнд судлах шаардлагатай гэж үздэг.
Кето дэглэм гэдэг нь хүнснээсээ авах нүүрс усныхаа хэмжээг эрс багасгаж өөх тос, уургийн хэмжээг нэмэх дэглэм юм. Бензин мотортой машиныг дизель түлшээр ажилладаг болгох амархан бол уу? Ямар ч эд ангийг нь солихгүйгээр түлшийг нь солих гэдэг боломжтой юу. Гэвч хүний бие махбодь ялангуяа хоол боловсруулах ба шингээх явц сонирхолтойгоор дасан зохицдог ч эерэг сөрөг үр нөлөө хэзээ нэгэн цагт дагуулдаг ажээ. Энгийнээр тайлбарлахыг хичээе.
Авах нүүрс усны хэмжээгээ багасгах үед хүний бие хоол шингээх КЕТОЗИС хэмээх төлөв байдалд ордог. Өөрөөр хэлбэр хүн нүүрс уснаас буюу глюкозноос эрч хүч энергиэ авдаг учиртай атал тэрхүү энергийг элэгэнд байх 2 атомтай кетон хэмээх өөхний хүчлээс авахад КЕТОЗИС болдог байна. Элэг нь өөхний хүчлийг нөөцөлдөг. КЕТОЗИС нь өөхийг шатааж түлш болгодог гэсэн үг. Энэхүү түлш нь КЕТОН юм. Тэгэхээр глюкоз биш КЕТОН-ыг түлш болгож байна гэсэн үг юм. Хоол хүнснээсээ авах Нүүрс усны хэмжээг багасгахаар аандаа хүний бие хэрэгцээт эрч хүчээ авах өөр сурвалж хайж эхэлдэг.
Мөн Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ошуми Ёошинори (Yoshinori Ohsumi) эс өөрийгээ идэх буюу аутофажи ( autophagy= auto+ phagy) тодорхой хугацаанд хүн хоол идэхгүй байхад эс өөрийгээ цэвэрлэж хогоо ялгаж иддэг процессын талаар ойлголттой байх хэрэгтэй. Тодорхой хугацаанд хоол сойж мацаг барих талаар ойлголт авахгүй бол кето дэглэм барихад амаргүй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй буй за.
Хэд хэдэн кето дэглэм байдаг.
Стандард Кето-SKD- Авах илчэгийн хэмжээ өөх тосноос 75, уурагнаас 20, нүүрс уснаас 5 хувь байх.
Үечилсэн Кето-CKD- тодохой хугацаагаар Кето барих буюу 5 хоног кето бариад 2 хоног өндөр нүүрс ус бүхий дэглэм барих. Ихэвчлэн булчингээ хөгжүүлдэг бодигийн тамирчид ба хүчний тамирчид хэрэглэдэг өндөр түвшины дэглэм.
TKD- хүнд дасгал хийх үедээ нүүрс усны хэмжээгээ нэмэх дэглэм
Уургийн хэмжээг өндөр барих Кето- Стандард Кето дэглэмтэй төстэй ч уургийн хэмжээ илүү их байна. Өөх тос 60, Уураг 35, нүүрс ус 5 хувь гэсэн харьцаатай.
Кето дэглэмийг харьцангуй эрүүл хүмүүс турах зорилгоор хэрэглэхэд үр дүн өгч байгаа нь сүүлийн 10 орчим жилийн явцад харагдаж байгаа ч тодорхой хугацаагаар удаан энэхүү дэглэм барьсан хүмүүсийн хувьд эрүүл мэндийн нэлээдгүй асуудал дагуулж эмнэлэгт хандах явдал газар авч байгаа. Ялангуяа уураг их хэрэглэж байгаатай холбоотой бөөрний өөрчлөлт бүүр цаашлаад бөөрний дутагдалд орох явдал их байна.
За тэгээд КЕТО Дэглэм барьж байгаа бол тооны машин ойр байлгаж илчлэг өөх тос уураг нүүрс усныхаа хэмжээг алдахгүй бодох юм шүү… зарим хүний хувьд бол арай л амжихгүй байх талтай. Эсвэл калори илчлэгийг нь зөвхөнд танд тохируулан бэлтгэж гаргасан захиалгын хоол идэх… ингэж бодохоор яах аргагүй ямар нэгэн орлого олох бизнест хөрөнгө оруулагч болох нь дамжиггүй. Хэрхэхийг уншигч авхай таны ухаан мэдтүгэй.
Хүн идэж ууж байгаа хоолноосоо 5 мэдэрхүйгээрээ таашаал авах учиртай. Заримдаа хэт эрүүл дэглэм барьж байна гээд аз жаргалгүй бүүр тухайн дэглэмийнхээ боол болчихсон хүмүүс бас л хэцүү нэртэй өвчнөөр өвчлөх хандлага өндөр байдаг гэдгийг сүүлийн үеийн зарим судалгаанаас уншиж байлаа.
Нэмж хэлэхэд хуучин цагийн Монголчууд гол төлөв нүүрс ус багатай, уураг өөх тосноос илүүтэй илчлэгээ авдаг байсан байж болох талтай. Учир нь Монголчуудын үндсэн хоол мах махан бүтээгдэхүүн байсаар ирсэн. Ерөнхийдээ “Кето” маягийн дэглэмтэй байсан гэж үзэж болохоор…Харин өнөө цагийн Монголчуудын идэх хэмжээнээс мах махан бүтээгдхүүний хэрэглээ арай бага байсан байж болох. Мөн өдөртөө дор хаяж саахалтын газар алхаад ирдэг байсан болохоор идсэн хоолоо сайн шингээдэг байсан болов уу. Мах махан хүнсийг өвлийн улиралд түлхүү харин дулааны улиралд цагаан идээгээр хооллодог байсан гэж үздэг. Хэдий гурил, буудай, ногоо, жимсний хэрэглээ бага байсан ч улирлын чанартайгаар хэрэглэсээр ирсэн. Намрын цагт байгалийн зэрлэг жимс, хаврын цагт шинэхэн ургасан ногоог хүнсэндээ хэрэглэхээс гадна зун намрын цагт өвөл идэх амтлагч ногоонуудаа даршлах, хатаах зэргээр нөөцлөж байжээ.
Эцэст нь хэлэхэд ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН та ямар нэг дэглэмийн боол биш харин ЭРҮҮЛ ЗӨВ ТЭНЦВЭРТЭЙ-гээр өөртөө тохируулж хооллож байгаарай.
Эрүүл Мэнд Таны гарт бөгөөд Таны сонголтоос ихэвчлэн шалтгаалдаг гэдгийг хэлэх юун.#Танд #Эрүүл #Энхийг #хүсье.
М.Энхбаяр /Амос ТББ-ын эрүүл мэндийн хэлтсийн захирал/