Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан албаныхан мэдээлэл хийж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: “Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.
Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана.Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр хаа, хаанаа анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэлээ.
УОК-оос мэдээлэл хийх үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Хөл хорио ямар үр дүнтэй талаар тодорхой мэдээлэл өгөөч, тухайлбал шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлаж байгаа нь ямар үр дүнтэй талаар тооцооллоо танилцуулна уу?
– Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.
Хэсэгчилсэн хөл хорионы тухайд сая сүүлд хөл хорио тогтоосон БЗД-ийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь БЗД-ийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн.
Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо мөн СХД, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа.
– Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш хэдэн хүүхэд халдвар авсан бэ?
– Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.
– "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон гээд байгаа. Ямар үр дүн гарсныг баримтаар хэлж өгнө үү?
– "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.
– 65-аас дээш насныхныг хэзээнээс вакцинд хамруулах вэ, вакцин дуусаж байгаа юу, зарим хороон дээр вакцины нөөц дууссан гэх зар тавьсан байна?
– 65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна.
УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан эдийн засагт илэрч байгаа эерэг үзүүлэлтүүдийн талаар танилцууллаа. Ялангуяа, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд 27.1 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 594 НӨАТ төлөгч ААН шинээр бүртгүүлснийг онцоллоо.
Тэрбээр "НӨАТ-ын орлого энэ оны хоёрдугаар сарын байдлаар 421 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны түвшнээс 18%, 2019 оныхтой харьцуулахад 10% өссөн үзүүлэлт.
Гуравдугаар сарын 1-н буюу 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойших 14 хоногийн дотор 594 НӨАТ төлөгч шинээр бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 болон 2020 оны түвшнээс 2.5-3.5 дахин нэмэгдсэн. Тэгэхээр зах зээлд оролцогч ААН, иргэдийн эдийн засаг сэргэнэ гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байна.
Тухайлбал, ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн хүрээнд 27.1 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнд 417 зээлдэгч хамрагдсаны 97 нь ААН, 320 нь бичил бизнес эрхлэгч иргэд.
Цаашдаа эдийн засаг тогтмолжихоор зээлийн гарц нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт 2 их наяд төгрөгийн ийм зээл гаргана гэж төлөвлөсний 2.7 хувь нь 400 гаруй зээлдэгчид очсон гэсэн үг. Тиймээс эдийн засгаа хүчирхэгжүүлсний үр дүнд эрүүл мэндээ хамгаална.
Өөр нэг сайн мэдээ гэвэл Moody’s агентлаг Монгол Улсын "-В3, төлөв тогтворгүй" гэсэн зээлжих зэрэглэлийг "-В3, тогтвортой" болгон ахиулсан нь цар тахлын энэ хүнд үед чамлахааргүй үзүүлэлт.
Гадаад орчны таатай нөхцөлүүд мөн боломж олгож байгаа. Тиймээс эдийн засгийн энэ циклийн үед хорио цээрийн дэглэмээ сайн сахиж, хүнд хөл хорионд шилжихгүйгээр эдийн засгаа ч аварч, хүн амын эрүүл мэндээ ч хамгаалъя гэж хичээнгүйлэн хүсэж байна" гэлээ.