Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа. Иймээс энэ хоёр сумын иргэд урдын адил гэр, гэртээ байж улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлж, иргэн бүр хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр Сэлэнгэ аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Сүхбаатар сумын 3-р багийн иргэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлалт хяналтад байсан иргэн аж. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 21 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн шинж тэмдэгтэй, эмчилгээ хэвийн явагдаж байгаа гэлээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 101 иргэн тусгаарлах байранд хяналтад байна.
Аймгийн Онцгой комиссоос хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн үед төр, төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид ямар горим журмаар үйл ажиллагаагаа явуулах зэргээ тодотгож, санал дүгнэлтээ боловсруулан улсын Онцгой комиссоос заавар зөвлөмж авч хамтран ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссын дарга мэдэгдлээ.
12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгаас гарах хөдөлгөөнд 237 иргэн, орох хөдөлгөөнд 338 иргэн оролцсон мэдээтэй байна. Мөн улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэгний 310 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг 229 вагон, 12 ажилтныг шалган нэвтрүүлсэн аж. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг шаардлагатай объектуудад тухай бүр хийж, хяналт шалгалтын 175 цэгт 400 орчим харуул хамгаалалтын ажилтнууд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.