Хурдан эдгээрэй, эмч ээ!
Бундангийн Болдсайхан эмч "Зүрх мартахгүй" аян санаачлан Монгол орныг тойрон явж бяцхан үрсийн зүрхийг оношилж, эмчилж, хотод авчран хагалгаа хийж байгаа.
Өнөөдөр тэрээр Нурали гэдэг хүүхдэд хагалгаа хийчихээд, өөрийнхөө зүрхний судсанд тэлэгч тавиулсан байна.
Эмч пэйждээ " …өглөө Өлгийн Нурали хүүгийн зүрх 27 мин зогсоож ховдолын цоорхой нөхөх хагалгаа хийв, сайн болсон … араас н залгаад өөрөө зүрхний зүүн титэм судсандаа стент тавиулах мэс засалд орлоо .. сэхээнд хүүхдүүдтэй зэрэгцээд хэвтэж байх .. Зоригоо Намхай 2 эмчдээ баярлалаа .." гэж бичсэн байна.
Гэтэл, одоо хэдийн босчихсон хагалгаа хийлгэсэн хүүхдүүдээ эргэнээ гээд эмнэлгийнхээ хувцастай зогсч байх юм.
Загасчны морь усгүй гэж… Зүрх мартахгүй гэж явсаар зүрхээ мартав аа, эмч ээ.
Олон жилийн өмнө нэг сониноос түүний ярилцлагыг уншихдаа зүрхний бурхан эмч Бундан агсны тухай " намайг оюутан байхад аав бид хоёр хамт хүн үзэхээр явсан юм. Гэрт нь очиж хүнээ үзчихээд автобус зогссон болохоор хоёулаа явган алхсаар гүүрэн дээр ирээд аав минь ядарсан атлаа нэг л их баяр хөөртэй алхаж байсан сан…" гэсэн хэсгийг би огт мартдаггүй. Хичнээн хүний зүрхийг эмчлэн үхлийн гараас булаасан хүний гавьяат эмч унах унаагүй, үдэш өвчтөнөө үзээд явган алхаж явсныг нь бодохоор өрөвдөх бахархах сэтгэл нэгэн зэрэг төрдөг. Америк, европт бол Бундан эмч шиг докторууд хувьдаа нисдэг тэрэгтэй байдаг юм билээ.
Бурхан эмчийн мэргэжлийг хүү нь өвлөж зүрх эмчилж явна. Тийм ээ, эцэг хүү хоёр эмчийг эмчилж эдгээсэн мянга мянган зүрх мартахгүй.
Биеэ бодоорой, Болдсайхан эмч ээ!
Sain mundag emch tvrgen edgereerei 👍👍👍👍👍tanii xiisen buyan ter bum bolj vrjix bolno