Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Монгол Улс дархлаажуулалтын тухай хуулийн дагуу дархлаажуулалтын хөтөлбөрийг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 8 төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.
Коронавируст халдварын энэ үед ч товлолт дархлаажуулалтаасаа хоцрохгүй хамрагдсанаар бусад халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой.
Одоогийн байдлаар цар тахлын улмаас дэлхий дахинаа 13 сая хүүхэд товлолт вакцинаасаа хоцорсон байна. Цар тахлын үед товлолт вакцинаасаа хоцорсон тохиолдолд бусад халдварт өвчнүүдээр өвдөх эрсдэл улам нэмэгдэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ товлолын дагуу хугацаанд нь вакцинд хамруулах нэн шаардлагатайг анхаарах зүйтэй" гэв.
Үргэлжлүүлэн "Манай улс халдварт саа өвчний эсрэг вакциныг 1962 оноос хойш хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах ажлын хүрээнд уудаг болон тарьдаг вакцинтай хамт хийж буй.
Тарьдаг вакциныг 2019 оноос хойш хүүхдийг 5 сартайд нь хийж эхэлсэн юм. Тиймээс 2016 оны хоёрдугаар сараас эхлэн 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрүүдэд төрсөн хүүхдүүдийг халдварт саа өвчний эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах ажлыг энэ сарын 18-ны өдрөө эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын талаарх мэдээллийг эцэг, эхчүүдэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс өгч ажиллаж байгаа. Энэ дархлаажуулалтад хамрагдахдаа эцэг, эхчүүд коронавируст халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж очих нь чухал.
Хамгийн гол нь харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө цаг авч очсоноор өөрийгөө болоод хүүхдийгээ халдварын эрсдэлээс сэргийлэх боломжтой” гэв.