Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ. Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах:
-Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3600-4000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон гэв.
Харин “Эйч Си Би Вай монголиа” консракшны ерөнхий инженер Д.Отгонтөгс “Явган замын хойд урд хэсгийн суурийн ажил өнөөдрөөр дуусаж байна. Металл хийцийн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор хугацаа алдахад хүрсэн. Металл хийц ирчихвэл явган хүний гарцыг хийхэд бэрхшээлгүй. Холбогдох албаныхан металл хийцийн тээвэрлэлтэд туслах байх гэж найдаж байна” гэлээ.
Эдгээрийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “БНХАУ-аас бараа, материал татан авахад хүндрэл тулгарч байна. “Ковид-19” цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ, Украйны цэрэг дайны байдлаас үүдэлтэйгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд багагүй сүүдэр тусгаж, хүнд тусаж байна. Ялангуяа бензин шатахууны үнийн өсөлт бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч бид аль болох шалтаг тоочихгүйгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Явган хүний гарцыг зургадугаар сарын 30-ны дотор дуусгах үүрэг өгсөн боловч гаднын хүчин зүйлээс шалтгаалан хойшилжээ. Болж өгвөл наадмын өмнө, долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Томоохон бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилдог сул тал сүүлийн үед үүсээд байгаа. Тиймээс цаашид аливаа бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь багтаадаг болгоход анхаарах юм. Ялангуяа хотын зүгээс хувийн хэвшил, иргэдтэйгээ ойлголцоод, хурдавчлан дуусгахад санаачилгатай ажиллах болно” хэмээн өгүүллээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР