Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.
Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.
Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;
Гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах;
2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах;
“Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
Гадаадын жуулчдын урсгалыг татах чиглэлээр байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан арга хэмжээний нэгд сэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах
Тус салбарын цахим шилжилтийг хурдасгаж, жуулчдын мэдээлэл авах, захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх, төлбөр төлөх үйл явцыг цахимжуулж, е-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах бусад хуулиудад оруулах өөрчлөлт, журмын төсөл боловсруулах зэрэг үүргийг Засгийн газрын гишүүдэд өглөө.
Мөн хуралдаанаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр боллоо.
Товч мэдээ
· Улаанбаатар хотноо өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Халтарт даалгалаа.
· Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий шуурай ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээлэл, саналыг Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар