БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмууд хийгдсэн талаар мэдээлжээ.
Тэрбээр "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420,000 оюутанд зээл олгосон байна. Нийт 880 тэрбум төгрөг төрөөс зарцуулсан байна. Зөвхөн 2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум, магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярилаа. 10,000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулая. Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана.
Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцөлөөр монгол оюутнуудаа сургах эхний алхамууд хийгдсэн.
АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30,000-40,000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын Засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 5,000-10,000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.