Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд нэгэн “сонирхолтой”санал оруулж дэмжигджээ. Өмнө нь аймаг, дүүргийн засаг дарга нарын ажлыг хөрөнгө оруулалт, мөрийн хөтөлбөрийн биелэлт зэргийг гол болгон дүгнэдэг байсан бол цаашид хог хаягдлын менежмент, цахим шилжилтийг нэвтрүүлсэн байдал, ногоон байгууламж бий болгосон эсэх шалгуурыг харгалзан үзэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзсэн байна.
Тодруулбал хог хаягдлын менежментэд хоггүй цэвэр орчин, хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах зэргийг багтаасан байна. Харин цахим шилжилтэд, авлигыг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг болсон цахим засаглал, төрийн үйлчилгээнд хүний хүчин зүйлийг багасгаж хүнд сурталгүй болгох цахим шилжилтэнд хамрагдсан байдлыг гол шаардлага болгоно гэжээ.
Орон нутаг, дүүргийн хэмжээнд цахим шилжилтийн ажил хангалтгүй байгаа нь энэ шалгуурыг тавихад хүргэсэн байна. Түүнчлэн Монгол улсын нийт нутгийн 70 орчим хувь цөлжиж, бэлчээрийн доройтол газар аваад байгаа энэ үед суурин газруудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, хөдөө орон нутагт бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах шаардлага бий болсон.
Тиймээс аймаг, дүүргийн засаг дарга нарын ажлын шалгуурт ерөнхий сайд энэ шалгуур үзүүлэлтийг оруулах санал гаргажээ. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, дүүргийн засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт үүрэг болгосон байна.