Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг оцлов.
Цахим засаглалыг хөгжүүлэх болон “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгасан сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд Филипп Мэрлин тэмдэглэв.
Дэд бүтэц, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, онцгой байдал, нийтийн тээвэр, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов.
ЕРӨНХИЙ САЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг хүлээн авч уулзав. Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Ялангуяа 2020 онд Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх явдал гэдгийг онцлов.
Цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улсад жишиг болохуйц гэдгийг Элчин сайд С.В.Чепурной тэмдэглэв.
Уулзалтын үеэр гал унтраах, зам засварын болон цэвэрлэгээний автомашин, трактор, тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, сүү боловсруулах үйлдвэр, ферм байгуулахтай холбоотой Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав.
Харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн дээрх хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлалгүй, бусад салбарт ч өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ЭЛЧИН САЙД ЛАУРА БОТТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэх тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлд түлхүү анхаарах сонирхолтой буйгаа талууд илэрхийллээ.
Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ онд багтаан хийж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээрт хүрнэ гэж итгэж байгаагаа мөн тэмдэглэв.
Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв.
БНЧУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав.
Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг ялангуяа эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд бид чухал ач холбогдол өгдөг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй, 1990 оноос хойш Чех Улс манай улсад хөгжлийн тусламж үзүүлж, нийгэм эдийн засгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ирснийг дурдах ёстой гэсэн юм.
Цаашид хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхох, Олон Улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн талаарх саналын хариуг уламжилж, хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайдаас хүссэн юм.
Элчин сайд Ийржи Бродский шинээр томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, БНЧУ-ын Ерөнхий сайдын баярын захидлыг гардуулан өгөв.
Цар тахлын аюул БНЧУ-д ихээхэн хүндрэл учруулж, нэг сая гаруй иргэн нь өвчилсөн учир онц байдал зарласныг дуулгав. Мөн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахаар бэлтгэжээ. Өнгөрөгч долоо хоногт хоёр орны парламентын бүлэг хоорондын цахим уулзалтыг амжилттай зохион байгуулсандаа сэтгэл хангалуун байна гэв.
Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд олон улсын нислэгийн шугамыг нээх, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхэд цаашид идэвхтэй хамтран ажиллахаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.