БРЮССЕЛЬ. /Al Jazeera/. Европын орнууд “омикрон” хувилбарын тархалттай тэмцэхийн тулд зорчих хөдөлгөөний шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор хэлэлцэж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн бүх иргэнд вакцинд хамрагдахыг уриаллаа.
Сүүлийн үед “омикрон” хувилбарын тохиолдлын тоо Европ, АНУ болон Азийн орнуудад олноор нэмэгдэх болоод буй нь холбогдох арга хэмжээнүүдийг чангатгахад хүргээд байгаа юм.
Мягмар гарагт Ж.Байден Цагаан ордноос мэдэгдэл хийх үеэрээ ирэх нэгдүгээр сараас эхлэн америкчуудад үнэгүй тараах “COVID-19”-ийн 500 сая ширхэг түргэвчилсэн оношлуур худалдан авах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тэрбээр Америкийн насанд хүрсэн дөрвөн иргэн тутмын нэг нь вакцинд хамрагдаагүй байгаа тухайд хэлэхдээ, “таны сонголт амьдрал, үхлийн шийд ч байж болохыг” сануулжээ. Үүнээс гадна ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүдэд тусламж үзүүлэхээр цэргийн эмнэлгийн 1000 албан хаагчийг дайчилна гэдгээ мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Европын бүсийн асуудал хариуцсан тэргүүн Ханс Клюге Австрийн нийслэл Вена хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Омикрон” хувилбар Европын бүсийн олон оронд ойрын долоо хоногуудад давамгайлан тархах төлөвтэй байгаа нь ачаалал нь нэмэгдээд буй эрүүл мэндийн тогтолцоог улам бүр хүнд нөхцөл рүү түлхэж байгааг анхааруулсан байна.
Одоогийн байдлаар “омикрон” АНУ-д илэрч буй шинэ тохиолдлуудын 73 хувийг эзлэх болоод байгаа бөгөөд энэ үзүүлэлт 12 дугаар сарын эхээр дөнгөж нэг хүрэхгүй хувьтай байсан юм.
АНУ-ын Жорж Мейсоны нэрэмжит их сургуулийн профессор Женнифер Виктор “Al Jazeera” сувагтай “Skype” нийгмийн сүлжээгээр холбогдон мэдээлэл өгөх үеэрээ Ж.Байдены мэдэгдлээс хоёр зүйлийг онцлон ярьсан байна.
“Нэгдүгээрт засаг захиргааны зүгээс “COVID-19”-ийн эсрэг илүү нягт нямбай, бүрэн дүүрэн, шийдэмгий хариу арга хэмжээ авч байна. Хоёрдугаарт, Цагаан ордон хүмүүсийн анхаарлыг энэ асуудалд хандуулахын тулд олон нийтийн платформ, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж буй нь онцлууштай юм” гэж Ж.Виктор хэлжээ.
Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоож байна
Герман, Шотланд, Ирланд, Нидерланд, БНСУ зэрэг орнууд сүүлийн өдрүүдэд хэсэгчилсэн юм уу бүрэн хөл хориог, мөн хүн хоорондын зай барих бусад арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байна.
Мөн Португалд бямба гаргаас шөнийн клуб, цэнгээний газруудыг түр хааж, хамгийн багадаа хоёр долоо хоногийн турш гэрээсээ ажиллахыг иргэдээсээ хүсээд байна.
Шотландын Тэргүүн сайд Никола Стержений хувьд зул сарын баярын дараах гурван долоо хоногт спортын тэмцээн тэргүүтэй олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудад нэмэлт хязгаарлалт тогтоох төлөвлөгөөг танилцуулжээ.
“Германд шинэ жилийн баяраас өмнө хувийн уулзалтад оролцох вакцинд хамрагдсан хүмүүсийн тоог 10-аар хязгаарлах тэргүүтэй шинэ арга хэмжээнүүдийг танилцуулна” гэж тус улсын Канцлер Олаф Шольц мэдэгджээ. Мөн тэрбээр хөлбөмбөгийн тэмцээн гэх мэт томоохон үйл ажиллагаануудыг танхимын үзэгчгүйгээр явуулах талаар 16 мужийн удирдагчидтай тохиролцжээ.
Швед улсын хувьд боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллахыг бүх ажилтанд уриалж, хүн хоорондын зай барих хатуу журмыг мөрдөхөөр болжээ. “Иргэд хязгаарлалтын арга хэмжээнүүдэд дурамжхан хандаж байгааг би ойлгож байна, гэхдээ вирусний шинэ хувилбар тархсан тул бид шинэ нөхцөл байдалд байна гэсэн үг” гэж Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ.
Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зул сарын баяраас өмнө улс орондоо хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг танилцуулахгүй гэдгээ мэдэгдсэн ч нөхцөл байдал туйлын хүнд хэвээр байгаа тул Засгийн газар дараа нь шаардлагатай арга хэмжээнүүдийг авах шаардлага үүсэж магадгүйг сануулсан байна. Сангийн сайд Риши Сунак “омикрон” хувилбарын тархалтад хамгийн их нэрвэгдсэн аж ахуй нэгжүүдэд нэг тэрбум фунт.стерлингийн дэмжлэг үзүүлнэ гэж өмнө нь мэдэгдсэн билээ.
Мөн дэлхийн улс орнуудаас “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтоож байсан Шинэ Зеландын “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинс хилээ үе шаттайгаар нээх товыг ирэх оны хоёрдугаар сарын эцэс хүртэл хойшлуулж буйгаа мягмар гарагт мэдэгдсэн юм. “Одоогоор тодорхой болоод буй бүх мэдээлэл “омикрон”-ыг “COVID-19”-ийн хамгийн хурдан халдварладаг хувилбар болохыг харуулж байна” гэж тэрбээр хэлжээ.
Гэхдээ “омикрон” хувилбарын тохиолдлын тоо олноор нэмэгдэж буй Австралид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн түвшин харьцангуй бага байгаа бөгөөд тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон муж, бүс нутгийн удирдлагчдад хөл хорио тогтоохоос зайлсхийхийг уриалсан байна.
Өнгөрсөн сард Африкийн өмнөд хэсгийн орнууд, Хонконгт анх илэрсэн шинэ хувилбар одоо дэлхийн 89 улс оронд бүртгэгдээд байна. Хэдийгээр “омикрон” хүндээр өвчлүүлдэг эсэх нь тодорхойгүй байгаа ч “дельта”-гаас хурдан халдварлаж байгаагаас гадна вакцинд хамрагдсан, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс халдвар авч байгааг ДЭМБ анхааруулаад байгаа юм.
“COVID-19” цар тахал хоёр жил орчмын өмнөөс дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд 274 сая гаруй тохиолдол илэрч, 5.65 сая хүн халдвараар нас баржээ.
МОНЦАМЭ агентлаг