Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавируст халдварын нөхцөл байдал нэлээд хүндэрсэн цаг үе ирлээ.
Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн хүрээтэй тархсан байна. Үүнээс улбаалан 10 гаруй аймагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ.
Нэг өвчилсөн хүн нэлээд олон хүнтэй уулзаж явсан, арга хэмжээнд оролцож байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг харахад,
- Гэр бүлийн гишүүдтэй хамааралтай халдвар 40-50 хувь,
- Ажлын газар, хамт олонтой хамааралтай халдвар 21 хувь байгаа бол үлдсэн нь бусад үйл ажиллагаатай холбоотой халдвар байгаа юм.
Халдвар авсан нэг хүний цаана 3-4 хүн өвчлөх эрсдэлтэй. Цаашлаад нэг гэр бүлийн бүх гишүүн өвчилсөн тохиолдол ч бий.
Манай улсад лабораторийн хүчин чадал харьцангуй сайн байгаа. Нийт өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа гэдэг нь бид өвчнийг эрт илрүүлж байгаатай холбоотой.
Өвчлөлийн байдлаас харахад гадуур их явсан, олон арга хэмжээнд оролцсон хүмүүс халдварт илүү их өртөж байна.
Иймд хүн бүр хичээж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна" хэмээн ярив.