Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Дархлаажуулалтын байнгын болон түр цэгийн үйл ажиллагаа явцын байдалд хоёрдугаар сарын 23-наас эхлэн хяналт шалгалт хийж эхэлсэн аж. Давхардсан тоогоор 183 цэгт хяналт тавьж, 304 зөрчил дутагдал илрүүлснээс 43.8%-ийг нь газар дээр арилгуулжээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуйн хяналтын дарга Д.Цэнд-Аюуш “Зөрчил дутагдалтай байсан долоон эмнэлэгт хугацаатай албан шаардлага хүргүүлж тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Дархлаажуулалтын үеийн бэлэн байдалд байнгын хяналт тавьж байгаа” гэв. ЭМЯ-ны Хүний эмийн салбар зөвлөлөөс Монголд оруулж ирсэн гурван вакциныг бүртгэчихсэн, хэрэглэж байгаа.
Дархлаажуулалтыг хийх явцад илэрсэн зөрчлөөс дурдвал:
- Зарим өрөө нь нэг чигийн урсгалгүй байсан /зөрчлийг нь арилгуулсан/
- Орох, гарах хаалга тусдаа биш /зөрчлийг арилгуулсан/
- Иргэдийг ажиглалт хүлээлгийн өрөөнд 1.5-2 метрийн зайд суулгах ёстой байтал зай бариулаагүй, шаардлагатай санамж зөвлөмж байрлуулаагүй байсан
- Гар угаалтуур, шингэн саван, алчуур зэргийг байрлуулаагүй.
Эмчилгээний чиглэлээр илэрсэн зөрчил:
- Тарилгын сургалтад хамрагдаагүй,
- Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тохиолдлын мэдээ авагч, мэргэжлийн багийнхныг идэвхжүүлсэн байдал хангалтгүй,
- Дархлаажуулалтын дараах урвалын бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил илэрсэн.