Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбит тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 65 настай, эмэгтэй “Ц” болон 55 настай, эмэгтэй “А” нар нь хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байна.
Яаралтай тусламжийн эмч үзлэг хийж тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй гэнэ. Цэцэрлэгийн хоёр багшид угаарын хөнгөн шинж байгаад зөвлөгөө өгсөн байна.
Нийслэл хотод есдүгээр сарын 26-ны өдөр нэг айлын дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор буюу 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн юм.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.