Коронавируст цар тахлын үед гадны улс орнуудаас иргэдээ авчрах Монгол улсын Засгийн газрын ажлыг дэмжих зорилготой тусгай үүргийн нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зохион байгуулж, 108 иргэн эх орондоо маргааш буюу 7 сарын 23-ны өдөр ирэхэр болжээ.
НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь олон улсын өмнө хүлээсэн албан үүргийн дагуу гадны улсаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг дэмжих “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Нидерландын Вант Улс зэрэг 5 улсаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй 108 иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг Улсын Онцгой Комисс, Гадаад Харилцааны Яам, МИАТ ХК-тай хамтран зохион байгуулж байна.
Монгол улс дахь коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд Европын улсууд руу хийгдэх нислэгийн тоо хязгаарлагдмал байсан учир эдгээр иргэд олон сараар гадны улсад гацаж, санхүүгийн хувьд эсрдэлтэй нөхцөл байдалд ороод байсан юм. Хөтөлбөрт хамрагдаж, эх орондоо эргэн ирж буй иргэдийн нислэг болон тусгаарлалтын зардлыг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага бүрэн хариуцах бөгөөд тусгаарлагдах байрны хүрэлцээнд нөлөөлөхгүйн үүднээс хувийн хэвшлийн зочид буудалтай хамтран ажиллаж байна.
“Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” хөтөлбөрийг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага дэлхий даяар хэрэгжүүлж, мянга, мянган шилжин суурьшигчдыг эх орондоо аюулгүй эргэн ирэхэд нь туслалцаа үзүүлдэг ба эргэн суурьшигчдын эдийн засаг, нийгэм, сэтгэлзүйн хэрэгцээнд суурилсан, тогтвортой эргэн суурьшилтыг хангахаас гадна хүмүүнлэг байдлаар шилжилт хөдөлгөөнийг удирдан зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж
Коронавируст цар тахлын үед НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь гадны улсад гацаж, хүнд байдалд орсон 1000 гаруй иргэдэд эх орондоо эргэн ирэхэд нь туслалцаа үзүүлээд байгаа ба 2020 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Чех Улс, Монгол улс хооронд анхны тусгай үүргийн нислэгийг зохион байгуулж байжээ.