ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийслэлд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зорилтод бүлгийн хүн амыг вакцинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Гуравдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өдөрт 10-15 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. Төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа хэвийн байна. Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 13,14-нд буюу амралтын өдрүүдэд 28249 хүнийг вакцинжуулж, нийслэлийн хэмжээнд 118294 хүнийг эхний тунд хамрууллаа. Эхний тунд хамрагдсан хүмүүсээс вакцины дараа илэрч буй урвал болон хүндрэлийн тандалтыг хийсэн. Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараа зааварт тусгагдсан урвалууд илэрч байна. Ноцтой урвал хүндрэл бол илрээгүй.
Өнөөдрийн байдлаар 40 цэгт 74 багийн 560 гаруй мэргэжилтэн ажиллаж 15374 хүнийг вакцинжуулна. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, багш, ажилчид, үйл ажиллагаа нь тасралтгүй зохион байгуулагдах шаардлагатай аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид, 60-65 насны иргэдийг энэ долоо хоногт вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.