Сүүлийн үед хүүхдүүд коронавирусын халдвар авах эрсдэл нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Өнгөрсөн 14 хоногт 2,661 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн тоо мэдээ гарсан.
Засгийн газраас дэлхий дээр хамгийн өндөр үр дүнтэй гэж судлагдаад байгаа Pfizer вакцинаар хүүхдүүдээ дараалуулахаар 2,5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хийгээд байгаа. Дээрх вакцинаар 12-17 насны 290,000 хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөөд байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.
Иймээс КОВИД-19-ийн нөхцөл байдал болон хүүхдүүдийг вакцинжуулахтай холбогдуулан "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан байр сууриа илэрхийлснийг танд хүргэж байна.
Б.Болдсайхан: Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ
"Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна.
Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлхээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирж байгаад би магтмаар байна . 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.
Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд, талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ" гэлээ.