116 дугаар сургуулийн удирдлагууд удаа дараа солигдож байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах эрх зөрчигдөж буй талаар тус сургуулийн хөгжмийн багш Б.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. 116 дугаар сургуулийн захирал сүүлийн зургаан жилд есөн удаа солигдсон. Үүний уршгаар хүүхдийн эрх зөрчигдөж байна. Тухайлбал, 2012, 2013 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан массаж, компьютер операторын зэрэг хэд хэдэн хөтөлбөр зохион хэрэгжүүлж байсан ч удирдлагууд удаа дараа солигдсоноор хөтөлбөрүүд амилахгүй байна.
Хөгжмийн мэргэжлийн ангид ерөнхий төгөлдөр хуурын хичээл хассан бол сүүлийн үед онолын хичээлийг хасахыг хичээх болов. Үүнийг би эсэргүүцэн сургуулийнхаа дотоод боломжийг тулгуурлан онолын хичээлээ зааж байна. Мөн хичээлийн хугацааг 20 минут болголоо. Энэ хугацаанд мэргэжлийн хичээлийг зааж амжихгүйг ойлгохгүй байна гэлээ.
Түүнчлэн "Зургаан жилийн хугацаанд есөн захирал солигдоход нийт 87 хүн ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор 79 хүнтэй ажиллаж байна. Энэ нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа асуудал. Хүүхдүүдтэй ажиллаж дасахад 3-5 жилийн хугацаа шаардлагатай байдаг. "Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзах хүсэлтээ илэрхийлж буй бөгөөд 116 дугаар сургуулийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан, бичиг хүргүүлнэ. Манай сургуулийн захирлаар Ч хэмээх хүн томилогдсон. Ямар хүн захирлаар томилогдон ирэхээс хамаарч ажлын байрны тодорхойлолтыг сольдог боллоо. Өмнө нь манай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн гэж тогтоосон байдаг бол өмнөх сайдын үед багш байж болно гэж өөрчилсөн" гэлээ.