Бүртгэлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн цаг хугацааг хэмнэх үйлчилгээ Чингэлтэй дүүрэгт нэвтэрлээ. Бүртгэлийн үйлчилгээ авч буй иргэд заавал банкинд очих, дугаарлах шаардлагагүй “Гэрэгэ” пос машинд төлбөр хийх боломж бүрдэж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 19 хороодын улсын бүртгэлийн үйлчилгээнд энэхүү төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг санаачлан шийдвэрлэж өнөөдөр дээрх хороодын Улсын бүртгэгч нарт “Гэрэгэ” пос машиныг гардуулан өглөө.
“Гэрэгэ” пос нь ухаалаг үйлдлийн системийг хөгжүүлэн, бүхий л төрлийн төлбөр тооцоог түргэн шуурхай хийх, И-баримттай холбогдсон төлбөрийн баримт үүсгэх, цаасан, онлайн болон мессежээр баримт илгээх зэрэг ухаалаг цогц систем юм. Ингэснээр иргэд өөрсдийн харьяа хорооноос төрийн үйлчилгээг шууд авахаас гадна, заавал банк орж төлбөр хийх шаардлагагүй боллоо.