Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г иргэдэд танилцуулж, “Ковид19” цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, Е-Mongolia зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл өгөв.
Иргэд вакцин татан авах ажлыг амжилттай зохион байгуулж, иргэдээ хос тунд хамруулж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн ирэх сарын 1-нээс хил нээхэд эх орондоо ирж дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа зарим хүн хэллээ. БНСУ-д амьдарч буй монголчууд эх орондоо орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа.
Мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар Монголчуудын холбоодын олон талт хамтын ажиллагаа, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбоодын оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг Засгийн газрын тэргүүнд тавив.
Иргэдтэй хийх ийм уулзалтыг тогтмолжуулах, ингэхдээ ерөнхий сэдвээр биш эрүүл мэнд, боловсрол, хэл соёл, аялал жуулчлал гэхчлэн сэдэвчилсэн уулзалт хийж, салбарын сайд, холбогдох албаны хүмүүсийг оролцуулж зарим асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Уулзалтад 32 орноос 150 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг Гадаад харилцааны яамнаас дэлгэн үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.