ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5,969 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. 31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 болж байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үйлчилгээ авсан иргэд халдвар авсан байгаа боловч иргэдийн оршин суудаг хаяг нийслэлийн дүүрэг бүрд байгаа юм. Тиймээс нэлээн өргөн хүрээтэй халдвар гэж ойлгож болно. Батлагдсан тохиолдлуудыг гэрийнх нь хаягаар ангилж харвал:
- БЗД-т оршин суудаг 50
- БГД-т оршин суудаг 2
- Налайх дүүрэгт оршин суудаг 1
- СХД-т оршин суудаг 2
- ХУД-т оршин суудаг 1
- Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 5 тохиолдол байна.
Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Нийт батлагдсан 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр илэрсэн бол 16 нь давтан шинжилгээнд халдвар илэрсэн байгаа. Өвчтөнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 993 болсон бөгөөд 509 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 475 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 32, хөнгөн 435 байна" гэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.