Цар тахлын дэгдэлттэй холбоотой Засгийн газраас цахилгаан, дулаан, эрчим хүчний үнийг төрөөс даах шийдвэр гаргаснаар эрчим хүчний салбар алдагдалд орж, дампуурахгүйг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Учир нь ирэх оны 7 дугаар сарын нэгэн хүртэлх айл өрхийн хэрэглээний төлбөрийг бичдэгээрээ бичиж, 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргах учир дампуурахгүй хэмээв.
Энэ сарын 13-нд шийдвэр гарсны дараа ачаалал 18 хувиар нэмэгджээ. Хэрэглээ энэ хэвээр өссөөр байвал эрчим хүчний салбарын хүчин чадлаас давж, саатал гарч, эрсдэл үүсэн, хязгаарлалтад орох учир иргэд, аж ахуйн нэгж байгууллага үдшийн 17-21 цаг, өглөөний 10-11 цагийн оргил ачаалалд хэрэглээгээ зохицуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.
Өчигдөр 17-21 цагт ачаалал 1300 МВт хүрч, ОХУ-аас 235 МВт эрчим хүч авлаа. Өглөө 11 цагийн үед хэрэглээ 1150 МВт хүрч байгаа нь жирийн үеийн хэрэглээнээс 100 гаруй МВт-аар нэмэгджээ.
Эрчим хүч, цахилгаан дулаан нийлээд 484 тэрбум төгрөг болж байгаа. Улсын хэмжээнд 738 мянган цахилгаан, 347 мянган дулаан хэрэглэгч бий. Нийслэлд 25 000, орон нутагт 26 000 аж ахуйн нэгж хөнгөлөлтөд хамрагдаж байгаа нь нийт айл өрхийн 98 хувийг хамарчээ.
Цахилгаан, дулааны чөлөөлөлтийн хугацаанд гэр хорооллын айл өрх 7 сарын хугацаанд 240-530 мянга, орон сууцанд амьдардаг өрх 560 мянгаас-1,1 сая, ЖДҮ эрхлэгч 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж 500 саяас-1,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм.
Тухайлбал “Талх чихэр” ХК нэг сард 195,8 сая төгрөг цахилгаан, дулаанд төлдөг байсан бол 7 сарын хугацаанд 1 миллиард 348 сая төгрөгийг хэмнэнэ. “Алтан тариа” ХК 463 сая, “Сүү” компани 555 сая, “Өгөөж чихэв боов” ХК 503 сая, “Говь” компани 921 сая, “Номин трэйд” 318 сая, “Улаанбаатар хивс” 296 сая төгрөгийн төлбөрийг дааж байгаа юм. Мөн “Өнөр бүл” хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний төв 22 сая, авто засварын газар 7 сая, авто угаалга 4,2 саяын хөнгөлөлт эдэлнэ.
“Суурь үнэ хөнгөлснөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй нөхцөл бүрдүүлсэн. Сүү, гурил, талхны үнэ өсөх учиргүй, харин ч буурах боломжтойг А.Тлейхан онцоллоо.
Тэрбээр, “Иргэд оргил ачааллын цагт халаагуур залгахгүй, хэмнэлттэй тоног төхөөрөмж хэрэглэж, цахилгааны хэрэглээгээ өмнөх хэмжээнд байлгах, үйлдвэр аж ахуйн газрууд хэрэглээгээ 20 орчим хувь хязгаарлаж ажлаа зохицуулах хэрэгтэй.
Ачаалалтай цагт онцгой анхаарч, хэрэглээгээ багасгахыг уриалж байна. Ингэвэл цахилгаан, дулаанаар хангах бүрэн боломжтой. Өчигдөр богино хугацаанд зарим нэг газар цагийн хязгаарлалт хийсэн нь ачаалалтай холбоотой учир хэрэглээндээ онцгой анхаарах”-ыг санууллаа.
Энэ салбарт 144 байгууллагын 16 000 хүн ажилладаг. Монгол Улс нэг МВт нь 243 төгрөгөөр ОХУ-аас 350 орчим сая МВт цахилгаан эрчим хүч татдаг. БНХАУ-аас жилд 1,3 тэрбум МВт цахилгаан импортолж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд нарны 6, салхины 3 станц нийлээд 245 МВт хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэдэг.