Урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд ард иргэдийн дунд угаарын хийнд өртөх явдал ихэсдэг. Ялангуяа угаарын хийн эрсдэл хавар 4-6-р сар, намар 9-10-р сард нэмэгддэг байна.
Тиймээс айл өрхүүдэд Таван толгой түлш компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай хамтран хяналт шалгалтыг эхлүүлээд байна.
Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Х.Буянжаргал хэлэхдээ : Аяны хүрээнд бид яндан зуух, ханан пийшингийн битүүмжинд хяналт, шаардлага тавин ажиллаж байна. Мөн засварын ажлыг хийх нь аяны гол зорилго. Цаашид төрийн байгууллагуудтай хамтран угаарын хийд өртөх эрсдэлтэй айлуудад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг дахин хүргэнэ. Мөн цаашид технологид суурилсан нэгдсэн хяналтын системийг ажиллуулахаар төслийг бэлэн болгоод байна. Төслийн хүрээнд монгол инженерүүдийн зохион бүтээсэн программыг ашиглахад бэлэн болсон. Угаарын хийн мэдрэгч дээр нэмэлтээр дамжуулагч суурилуулсан бөгөөд тус дамжуулагч нь хяналтын нэгдсэн төвийн дэлгэц дээр дамжуулах үүргийг гүйцэтгэн ажиллахаар зохион байгуулаад байна. Туршилт маш сайн явагдаж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй айлд суурилуулан ажиллаж байна. Уг туршилтаар угаарын хийнд өртөж байгаа иргэдийг шууд мэдэх боломж бүрдэх бөгөөд хариу арга хэмжээ авахад илүү хялбар байх юм гэлээ
Аяны хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн хамруулж ажиллахаар болжээ.