Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.
Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Нийслэлийн хэмжээнд 2014-2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны нийт 57 барилгын ашиглалтыг хориглосноос Баянгол дүүрэгт 2015-2021 онд 37 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарч, 17 багцын 15 барилгад төсөл хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 24 айлын 3 орон сууцыг буулган 246 айлын 3 орон сууц ашиглалтад оруулж, энэ жил нэмж 3 байршилд сонгон шалгаруулалт зарлаад байна.

Тэгвэл дүүргийн хоёрдугаар хороон дахь Баруун дөрвөн замын баруун талд байрлах 6 байр, 20 дугаар хороо Номин агуулах худалдааны төвийн урд нийт 7 байрны төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 12 удаа зарласан боловч нэг ч төсөл хэрэгжүүлэгч санал ирүүлээгүй аж. Иймд гүйцэтгэгч байгууллагуудын тус төсөлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх эдийн засаг болоод бусад хэлбэрийн дэмжлэг, хөшүүрэг шаардлагатай байгаа гэв.
Харин дөрөвдүгээр хороон дахь Давхрын-1-12 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Нутгийн буян групп” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК – ууд шалгарч нийт 150 ойлын орон сууцыг буулган, нийт 390 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах болон барилга гүйцэтгэлийн ажлууд тус тус 80 хувьтай үргэлжилж байна.