Манай орны хувьд утаанаас гадна тоос, тоосжилт, газрын хөрс, дотор агаар орчны бохирдол асуудал болоод удаж байна. Өвөл агаарын бохирдол 70 хувь хүрдэг бол жилдээ 30 хувийн бохирдолтой байна. 2019 оноос “Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноор бохирдол эрс багассан.
Тухайлбал 2013-2014 онуудад өвөл агаарын бохирдол хамгийн сайн буурсан тоон үзүүлэлт бий. Тухайн жилүүдэд “Цэвэр агаар сан”-г 32 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж агаарын бохирдлыг бууруулахад гэр хороололд 175 мянган зуух тарааж нийт гэр хорооллын өрхийн 97.6 хувьд нь утаагүй зуух ашиглаж эхэлсэн. Цаашлаад төр засгаас "Сайжруулсан түлш" иргэддээ хөнгөлөлттэй үнээр тараасан.
Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар багасгах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын газрын дахин төлөвлөж, орон сууцжуулах, цахилгааны шөнийн хөнгөлөлт, автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг багасгахад евро-5 ангиллын бензин, дизель түлшний импортын эзлэх хувь хэмжээ, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэх, гэр хороололд яндангүй бүс тогтоож, нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг ойрын хугацаанд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх зэрэг үе шаттай арга хэмжээ авч байгаа билээ.
Агаар орчны бохирдолтой тэмцэхэд ганц төр засаг биш иргэн бүр оролцоо чухал байгааг энд онцольё.
Иргэн та өөрийн амьдарч байгаа гэр сууцныхаа дулаан алдагдлыг багасаж, өвлийн хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай давах талаар мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байна. Иргэд гэр, сууцаа дулаалж, түлш бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй хэрэг юм. Агаар орчны бохирдолтой хамтдаа тэмцэцгээе.