Улаанбаатар хотыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн гамшгийн үеийн "Улаан" түвшинд шилжүүлсэн. Коронавируст халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулж, вакцинжуулалтын үр дүнг хадгалах зорилгоор тогтоосон энэхүү хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ.
Энэ хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбарын ажилтнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах болон тухайн байгууллагын нийт ажилтны 10 хүртэлх хувьд хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох квот тогтоосон юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэлд хүн хоорондын зай баримтлуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх шаардлагатайг албаныхан онцолсон.
Гэвч өнөөдөр өглөөний байдлаар автобусны буудлуудад иргэдийн бөөгнөрөл үүсэж, автобусанд багтахгүй байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны зэрэгцээ иргэд нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.
Иймд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын ажилтнуудад үйлчлэхээр хэдэн автобус явж байгаа талаар болон бусад зүйлийг тодрууллаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар хэдэн автобус явж байгаа вэ?
-58 чиглэлд 315 автобус тусгай зориулалтаар үйлчилж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, эдгээр автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд биш, 15 салбарын ажилтнуудад үйлчлэх буюу тусгай зориулалтын үйлчилгээнд явж байгааг ойлгох хэрэгтэй. Зарим чиглэлд энгийн иргэд автобусаар зорчиж, ачаалал их үүсгэж байгаа учир ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсье.
-Автобусанд суулгахдаа ажлын үнэмлэх зэрэг бичиг баримт шалгахгүй байгаа гэж үү?
-Автобусны буудал бүрд хянаж шалгах боломжгүй тул түүвэрлэн шалгаж байгаа. Мөн цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт шалгалт хийж байна.
-Зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд автобусны тоо, хүртээмжид сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр байна. Иймд тоог нэмэгдүүлэх боломж бий юу?
-Ачаалал ихтэй байгаа зарим чиглэлд автобусны тоог нэмэх байдлаар зохицуулж байна. Өнөөдөр өглөө гэхэд зарим чиглэлд 20 автобусыг нэмж гаргасан. Энэ мэтээр цаашид зохицуулалтыг тухай бүрт нь хийж явах болно.
ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХЯЗГААРЛАГДААГҮЙ 15 САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ АВТОБУСААР ЗОРЧУУЛАХ ХУВААРЬ:
- Өглөө 06:30-10:00 цаг
- Өдөр 12:00-15:00 цаг
- Орой 17:30-22:00 цаг