Үндсэн хуулийн цэцийн 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн жил болж байна. Дээд шүүхээс ҮХЦ-д сонгогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарыг эргүүлэн татаж нөхөн томилгоо хийх ёстой атал өдийг хүртэл хийлгүй чимээгүй байсаар байгаа нь хөшигний ард тохироо явагдаж байна уу ?! гэх хардлагыг төрүүлж байна.

Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэц өнөөдөр улс төрчийн эрх ашгийг хамгаалсан мафчид болж үндсэн хуулиасаа давсан шийдвэр гаргадаг болсон нь нууц биш. Тиймээс ч үндсэн хуулийн цэцийн гишүүдийг улс төрчдийн бүлэглэлүүд томилдог гэх хардлага бий. Үүний тод жишээ энэ болж байна. Эндээс яагаад бүрэн эрх нь дууссан хүмүүсийг солихгүй байна вэ? асуулт гарч ирнэ.
Ойрын хугацаанд ҮХЦ дээр очиж маргаанаа хагалуулах олон асуудал урган гарч ирж байна. Жишээ нь : Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, саяхан баталсан шүүхийн тухай багц хууль цаашлаад цагаан захтнуудын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох том хор гүйж байгаа төдийгүй хөөн хэлэлцэх хугацаа авч хэлэлцэх цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль гээд бичээд байвал бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндсөн олон маргаан цэц дээр очиж хагалагдахаар байгаа. Тиймээс Цэцийн гишүүдийн суудал бүр улс төрийн бүлэглэлүүдэд хүслээ гүйцэлдүүлэхэд чухал тул хугацаа нь дуусан Солонго, Цогтоо нарын оронд хэнийг Цэц рүү зүтгүүлэн томилуулах вэ гэдэг эрх ашгийн тулаан явж хар дагуулж байна.

Шуудхан хэлэхэд цэц дээр Ерөнхийлөгчийн талын гурван хүн, МАН-ын талаас гурван гишүүн байна. Тэдний нөгөө талд дээд шүүхийн гурван гишүүн байгаа юм. Өнөөх хоёр нь Д.Солонго Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан.
Тэгвэл ерөнхийлөгчийн талынх гэгддэг ҮХЦ-ийн гишүүд нь Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндорж. Эднээс Ц.Нанзаддорж бол ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдын гарын хүн. Энэ нь улсын төрийн том хорын эзэн байх талтай.
УИХ-аас санал болгосон буюу МАН талыг төлөөлөх ҮХЦ-ийн Ш.Солонго, Д.Баясгалан, Б.Одбаяр нар гэгддэг.
Харин дээд шүүхээс Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нар байгаагаас Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн жил болчихсон. Улсын дээд шүүхэд Үндсэн хуулийн цэц рүү томилуулах хоёр гишүүн олдохгүй байна гэвэл том эндүүрэл.
Эндээс үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоо өнөөдрийн зураглалаар Ерөнхийлөгч болоод МАН-ын эрх ашигтай шууд хамааралтай харагдаж байна. Алиных нь эрх ашиг дийлнэ, түүний талын манаачид ҮХЦ-д томилогдох бололтой.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хамгаалах субъектив тал атал Ерөнхийлөгчийн тал уу ? МАН-ын тал уу ? гэж хардахаар болжээ.