Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тамгыг нь гардууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон билээ.
31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардуулах үеэр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
