■ Тодорхойлолт:
Умайн хүзүүн хорт хавдар нь үтрээ болон умайг холбох умайн хүзүүнд үүсэх хавдар бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдар юм.
■ Төрөл:
Умайн хүзүүний хорт хавдрыг ерөнхийд нь 2 төрөлд хуваадаг.
– Хавтгай эсийн хавдар буюу (squamous cell carcinoma) : Нийт умайн хүзүүний хорт хавдрын 80% эзэлдэг.
– Аденокарцинома : Нийт умайн хүзүүний хорт хавдрын 10-20% эзэлдэг.
■ Эрсдэлт хүчин зүйлс
– Хүний хөхөнцөр вирус (ХХВ) нь умайн хүзүүн хорт хавдар үүсэх хүчин зүйл болдог бөгөөд ихэнхи тохиолдолд бэлгийн замаар халдварладаг. Хорт хавдрыг үүсгэгч өндөр эрсдэлтэй бүлгийн вирус (high risk group), бага эрсдэлтэй бүлгийн вирус (low risk group) гэж ангилагддаг бөгөөд бага эрсдэлтэй бүлгийн вирус нь цаг хугацааны явцад алга (хүний биений дархлаа өөрөө устгадаг) болдог бол өндөр эрсдэлтэй бүлгийн вирус (HPV 16, 18, 32, 33 төрлүүд) дундаас зарим нь умайн хүзүүний хорт хавдар болох тохиолдолууд байдаг.
■ Шинж тэмдэг:
Үтрээний цус алдалт, үтрээнээс гарах ялгадас ихсэх болон үнэр гарах, аарцагны өвдөлт, ууц нурууны өвдөлт, жин буурах.
■ Шинжилгээ оношилгоо:
– Дотуур үзлэг: Үтрээгээр умайн хүзүүний дотуур үзлэг хийж хавдрын байршил болон хэмжээг шалгах.
– Умайн хүзүүний эсийн шинжилгээ (Pap smear): Умайн хүзүү болон үтрээний эсээс арчдас авч микроскопоор шинжлэх бөгөөд умайн хүзүүн хорт хавдрын эхэн үеийн шинжилгээнд ашигладаг.
– Кольпоскопи буюу умайн хүзүүг микроскопоор дурандах: Умайн хүзүүний хэвийн бус хэсгийг томруулан нарийвчлан хардаг шинжилгээ.
– Эдийн шинжилгээ: Умайн хүзүүнээс эд хэсэгчилэн авах бөгөөд тухайн авсан эдийг будагч бодис ашиглан микроскопоор ажигладаг.
– Өөлөх мэс ажилбар: (conization) Умайн хүзүүний хавдрын урьдал өөрчлөлтөнд орсон хэсэгт конус хэлбэрээр өөлөн авах мэс ажилбар бөгөөд хорт хавдрын эс умайн хүзүүний зөвхөн салст хэсэгт байгаа эсэх болон дотогш нэвчсэн эсэхийг шалгах мэс ажилбар шинжилгээ.
– Давсагны болон S хэлбэрийн гэдэсний дуран шинжилгээ: Умайн хүзүүний хорт хавдар шулуун гэдэс болон давсагны салст бүрхэвчрүү нэвчсэн эсэхийг тодорхойлох дуран шинжилгээ.
– Бөөрний тэвшинцэрийн тодосгогчтой зураг (IVP): Умайн хүзүүн хорт хавдар шээлүүр, давсаг, шээсний суваг зэрэг бусад эрхтэнд нэвчилт байгаа эсэхийг шалгах.
– Комьпютер томограф (КT) болон соронзон резонансын дүрслэл (MRI): Умайн хүзүүний эргэн тойроны эд эсэд нэвчилт болон тунгалагийн зангилаанд үсэрхийлэл байгаа эсэхийг тодорхойлон шалгах дүрс оношилгоо.
– ПET (PET-CT): Позитрон эмиссын томограф: Биений бусад эд эрхтэнд хавдрын үсэрхийлэл байгаа эсэх болон бусад хийгдсэн шинжилгээн дээрээс харагдах боломжгүй биений хэсгийг харан тодорхойлох шинжилгээ.

■ Хавдрын үе шат
– 0 шат: Умайн хүзүүний хучуур эсэд хавдрын эс үүссэн үед (хучуур эсийн хавдар)
– 1-р шат: Хавдар зөвхөн умайн хүзүүнд үүссэн байх бөгөөд бусад эд эрхтэнд үсэрхийлэлт нэвчилт байхгүй тохиолдолд
– 2-р шат: Хавдар умайн хүзүүнээс цаашлан үтрээнээс дээш 2/3 хүртэл талбайд нэвчилт явагдаж ойролцоох эд эсэд нэвчсэн тохиолдолд
– 3-р шат: Хавдар аарцаг болон үтрээнээс доош 1/3 хүртэлх хэмжээнд үсэрхийлэж нэвчилт явагдсан тохиолдолд
– 4-р шат: Хавдрын явц давсаг болон шулуун гэдэсний хананд нэвчиж үсэрхийлсэн тохиолдолд

■ Эмчилгээний арга
– Мэс заслын арга: Хавдрын явц, үе шат, өвчтөний нас, биеийн эрүүл байдал, цаашид жирэмслэх эсэх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан мэс засал хийх эсэхийг шийдвэрлэх болно.
· Өөлөх мэс ажилбар: Өөлөх мэс ажилбараар авсан голомтоос эдийн шинжилгээ хийж зөвхөн умайн хүзүүнд эмгэг байх буюу хучуур эсийн хавдар байх тохиолдолд умайг мэс заслаар бүтэн авалгүй үлдээх ба хавдар нэлээд газар авсан тохиолдолд умайг тайрч авах мэс заслыг бодолцож үздэг.
· Умайг бүтэн тайрч авах мэс засал: Умайн хүзүүн нэвчилттэй хавдрын 1 болон 2-р шатны эхэн үед хийдэг. Умайн эргэн тойрны эд эс, үтрээний дээд хэсэг, аарцагны тунгалагийн булчирхайг авдаг мэс засал юм. Хорт хавдрын эрт үед мэс засал хийгдэх нь бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг.
– Туяан болон химийн эмчилгээ
Умайн хүзүүний хорт хавдрын 2-р шатны сүүлийн үеэс эхлэн мэс заслаас илүүтэйгээр туяан болон химийн хавсарсан эмчилгээ хийгддэг. Мэс заслын дараа эдийн шинжилгээний хариунаас бүхэл хэсгээс хорт хавдрын эс гарах юм уу тунгалагийн зангилаанд үсэрхийлсэн болон умайн ойр тойрны эд эсэд нэвчилттэй байх тохиолдолд хорт хавдар дахих эрсдэлтэй тул туяан болон химийн туслах эмчилгээ хийгддэг.
■ Урьдчилан сэргийлэх
– Умайн хүзүүүний хавдрын шинжилгээнд тогтмол хамрагдах
– Хүний хөхөнцөр вирусээс урьдчилан сэргийлэж вакцинд хамрагдах
– Эрүүл аюулгүй бэлгийн харьцаа
– Тамхинаас татгалзах