Монгол Улсын иргэн Ж.Энхбат, Д.Баянмөнх нар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүллээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/11 дүгээр тогтоолоор “Нийслэлийн 2021 оны төсөв”-ийг баталжээ. Уг тогтоолд дурдснаар Нийслэлийн Засаг дарга Танд “Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах зардал” 2,500,000,000 (Хоёр тэрбум таван зуун сая төгрөг)-ийг зарцуулах эрхийг олгожээ.


Элэг нэгт 548 иргэн Ковид-19 өвчний улмаас хорвоог орхиж цаашид ч өдөр бүр хэдэн арваараа нас баралт бүртгэгдэх нөхцөл байдал үүссэн энэ хүнд цаг үед баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгүүр эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авахад болон эмнэлгийн эмч, ажиллагсдын нийгмийн асуудалд дээрх төсвийг зориулах шаардлагатай байгаа билээ.
Иймд “Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах зардал” 2,500,000,000 (Хоёр тэрбум таван зуун сая төгрөг)-ийг дүүргүүдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа уушиг орлуулагч аппарат худалдан авахад болон эмнэлгийн эмч, ажиллагсдын нийгмийн асуудалд зориулах “Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх” шийдвэрийг 72 цагийн хугацаанд гаргахыг ШААРДАЖ байна.