Манай улс хүн амаа коронавирусын халдвараас хамгаалах вакцинд шат дараатай хамруулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Одоо дархлаа сэргээж, халдвараас сэргийлэх вакцины гуравдугаар тун хийгдэж байна. Гуравдугаар тунд хоёр тунгаа хийлгэсэн иргэд хамрагдах ёстой. Коронавирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын гуравдугаар тунг дэлхийн улс орнууд иргэддээ хийгээд эхэлсэн бөгөөд хийлгэсэн иргэдийн 99 хувь нь хамгаалагдаж чадаж байгааг эрдэмтэд батлаж байна.

Жишээ : Израйль улс 8 сараас хойш 3-р тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдвар 80%-аар буурчээ. Манай улсын хувьд нийт иргэдийн 20 хувь нь дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдаад байна. Гуравдугаар тунг хийлгэснээр дархлаа сэргэж, халдвараас сэргийлж байгааг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр : “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүст “Long Covid”-ийн хам шинж илэрч байгаа. /Ужиг ковид, ковидын дараах хам шинж/ Ялангуяа толгой өвдөх, ядрах, мартамхай болох, төвлөрөхгүй байх, үл ялиг ачаалалд амьсгаадах, хүйтэн хөлс гарах, нойргүйдэх шинж тэмдэг илэрнэ. Ингэж тэмдэг илэрч байгаа хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунг хийлгэснээр шинж тэмдгүүд нь арилж байна гэсэн судалгаа гарсан. Яагаад гэвэл “Ковид 19”-ийн дараах хам шинж илэрч байгаа хүмүүст тодорхой хэмжээний вирусын үлдэц цус, биенд нь байна аа гэсэн үг."
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Веросел вакцин хийлгэсний дараа пфайзер вакцинаар дархлаа сэргээх тунг хийхэд долоо дахь хоног дээрээ үндсэн байгаа эсрэг биеийн титр нь дөрөв дахин нэмэгдсэн, 14 дэх хоног дээрээ 15 орчим хувиар нэмэгдсэн үр дүн байгаа.
Өнгөрсөн хугацаанд халдвар авч эмчлүүлж байгаа улмаар хүндэрч амь нас нь эрсдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байсныг судлагаа харуулж байна. Тиймээс иргэн бүр вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
